| 1957 оны зун /Р.Чойном/ Холын тэр алтанхан зун Хойд нутгийн анхилуун салхи Хурц нар ширүүн бороо нь Хурамхан зүүдэлсэн зүүд юм сан уу? Улаанбаатарын дуу шуугиант Униар татсан цэнхэр өглөө Горхийн хөвөөн дэх үдийн халуун Гомбосүрэн, Бүдээ нар мину! Хашааны ёроолд багсайж ургасан Халгай шарилж нь хүртэл нэг л ондоо Харийн орны анхилуун духинээс Хамаагүй дотно зүрхэнд шингэсэн Рашааны хөлийн нарийн гудамжнууд Айлын хаалганы таван номер Алтан шар торгон дээлтэй Амрагхан Роза санагдах нь юу вэ? Хорвоо ертөнцийн гижиг шиг явсан Хорин нэгхэн насан дээрээ Хоромхон амсаад орхисон зун минь Хожим нь ингэж үнэд орох гэж! Аяа хөөрхий энэ дэлхий дээр Амьдралын замыг муугүй тууллаа Гуниг баяслын алагхан дугарааг Гучин дөрөв амсаж тогтоолоо Зун шиг зун, хүүхэн шиг хүүхэн *Зуурдын цэнгэл нойргүй шөнө* Зураг шиг байгаль торго шиг зүлэг Зул шиг нөхөд олныг үзлээ Тэгтэл цөмөөр тавин долоон оны Тэр зуныг гүйцэмгүй санагдана. Хамгийн энгийн хамгийн богинохон Хачин зун байжээ… Бодохоор одоо Зүрх сэтгэл уяраад ирэх юм. Зүйлийн бодол ундраад ирэх юм Уйлсан нулимс дотогшоо урсахдаа Улайссан зүрхэн дээр шар-р хийх юм. Олон зунаас түүн шиг зун Орчлонд дахиад олдоо гэж үү Олон хүүхнээс Роза шиг нь Одоо дахиад учраа гэж үү…? Тэр зуны тэнэгхэн шүлэг шиг Тэмүүлэл итгэл цагаан санаа Тэнгэрлэг aйзам миний шүлэгт Тэгтлээ одоо дуулдаа гэж үү? Шувуу шиг явахдаа түүнтэй учирсан Шургааг хашааны бөгчим талбар Шавар байшингийн чийгтэй сүүдрийг Ямар байгаль орлож чадах вэ?! Халх даяар дуурссан хойно минь Ханилсан нөхөд олон боловч Хаалга гаднаас түгжиж өгсөн Хар Гомбосүрэнг гүйцээ гэж үү?! Зуны наранд цангахаас хашралгүй Зуурдын бороонд халшралгүй Хурганы багачуул шиг хөтлөлцөж явсан Хуруухан чинээ Роза мину! Холын тэр алтанхан зун Хойд нутгийн анхилуун салхи Хорин нэгэн настай минь хамт Хоромхон зуурын зүүд байж дээ…
eh ornii toloo
|