1.Өнөөдрийн дуу
Өдөр өдөр өөрийн дуутай. Өглөө сэрэхэд л тухайн өдрийн дуу аманд орж эвлээд, өдөржингөө сэтгэлд аялагддаг. Зарим өдрийн дуу хачин инээдтэй, бүүр багадаа хэлд орсныхоо дараахан арай ядан сурсан туулайны тухай хоёр мөр, эсвэл бүр авцалдаагүй "Хурц-ий улаан тугаараа баярыг хүргэе дээ-ээ, нөхдүүд ээ..." гэх маягийн даавууны тасархай мэт тийм жаахан хэсэг ч байх нь бий. Тухайн өдрийн дууг хүн өөрөө сонгодоггүй. Дуу харин өөрөө түүнийг олж ирээд байдаг мэт Галсанд санагдана. Өнөөдрийн дуу, хаа очиж, аятайхан дуу таарчээ.
Хажуунаас нь-нь
харах юм бол
Ханан хээтэй-эй
Самгалдай-ай...
Галсан Хөвсгөлийн хүн биш. Гэтэл яагаад ч юм бэ, цаатан ардын энэ дууны аяыг мэддэг байсан нь бүүр эртний явдал мэт, бараг л хүн болж төрөхөөсөө өмнө энэ дууг сурсан шиг. Чухам л өнөөдрийн энэ дуу түүний хувьд насан туршийнх нь цорын ганц аялгуу байсан мэт нэг л догдлом этгээд сэтгэгдэл бүх биеэр нь түгнэ. Үдийн халуунд бүх биеийг нөмөрч хулдсан тэр л сэтгэгдэл мэт тээртэй хувцсаа шалмагхан тайчих зуураа Галсан:
Хад чулуутай-ай
Самгалдай-ай
хэмээн амандаа гүнгэнэсээр л байлаа.
Гэнэтхэн нүцгэн хөлийн шагайн тушаа нэг амьтан часхийтэл хазав. Яах аргагүй часхийн хазсан атал хөл дээр нь шумуул, шоргоолж, юу ч алга. Нүдэнд үзэгдэхгүй нэг амьтан л байна даа. Нэг ч биш байж магадгүй.
Галсан урьд оноос хатаж үлдсэн ширүүн өвсөн дээгүүр тогоруу мэт цөмцөгнөх зуураа арваад алхмын цаана буй голын тохойн бургас руу харав. "Тэнд л сууж байгаад Эмилийг харъя" гэж бодож, бодолдоо баяслаа.
Олон жилийн өмнө дөө, яг хорин настайдаа тэр нууц эрхтнийхээ үсийг хусаад, нүцгэрсэн арьсан дээрээ бүсгүй хүний ямар нэгэн, дур булаам нэр шивүүлэхээр шийджээ. Яг тэр үед нь хайрлаж дурласан хүн байсангүй. Тэгээд Эмили гэсэн нэр олжээ. Хаанаас ч тийм нэр толгойд нь орсон юм бэ, бүү мэд.
Галсан голын тохойн овгор шороо руу мацан гарч хавь ойр хүн амьтан байна уу гэж харуулдснаа доош буун бургасны нөмөрт суугаад, бяцхан гар цүнхнээс сахлын татуурган хутга, хөөс гаргав. Бяцхан "Эмили" өөр рүү нь биш, нөгөө тийшээ харж шивэгджээ. "Хэнд уншуулах гэж ийм юм сэддэг байна аа?" гэж тэр залуу насныхаа саваагүй үйлдлийг гайхлаа. Эхнэр нь түүнийг ийм шивээстэй гэж одоо хүртэл мэдэхгүй. "Мөн ч анзааргагүй хүн шүү!"
Голын захад Галсан яг дөчин таван минут суугаад хувцаслаж ойролцоохон тавьсан машин руугаа явав. "Уулзалтад амжих ёстой". Ахиад арван таван минут өнгөрөхөд тэр өндөр байшингийн толин хананы ёроолоор алхаж явав. Толин байшингийн ёроолоор зун явахад бүгчим халуун, өвөл өнгөрөхөд дагжим хүйтэн байдаг. Толь тэгэхээр нарыг хоёр дахин өсгөж, жаврыг ч мөн хоёр дахин ихэсгэдэг байх нь. Толь оо гэж... Толинд харахад бол тэр өөртөө таалагддаг. Харин өөрийнхөө бичлэгийг үзэхээсээ ичдэг юм. Толь бол худалч. Амьдралын жинхэнэ дүр төрхийг ямагт урвуу, бас хачирлаж харуулна гээч. Эмили гэдэг нэрийг толь бариад харвал нэг л утгагүй зурлага үзэгдэнэ. Тэр одоогийн энэ амьдралдаа ч, өөртөө ч сэтгэл хангалуун. Гэтэл энэ бүхэн нь ердөө л толинд туссан тусгал байж магадгүй еэ? Ийм санааг залуудаа хаа нэгтээгээс уншиж билээ. Яг үнэндээ түүний бүх байр байдал, алхаа гишгээ, үг яриа нь хөндлөнгийн хүмүүст бол инээдтэй, өрөвдөлтэй, мунхаг харагддаг ч юм бил үү.
Гэнэтхэн уулзалтад очмооргүй болчихов. "Тэгээд яах гэж?..." Уулзалтад очихгүй л юм бол, өөр хийх зүйл түүнд байхгүй. Өөр хийх зүйл байхгүй гэдэг нь ямар нэгэн уулзалт хэлцээнд оролцохоос өөр олигтой зүйл хийж тэр огт чадахгүй гэсэн үг ч юм шиг. Ингэж бодохтой зэрэг, амьдрал нь жигтэйхэн утгагүй зүйл болоод явчихлаа.
Ар л тайгын уулан дундаас
Алаг цоохор үүлэн гарна аа...
Элдвийн уулзалт, хурал, дарга, төлөвлөсөн цаг аль нь ч үгүй... Яг л нөгөө Тангай шиг амьдардаг бол... Үгүй, нээрэн, Тангай шиг амьдарч яагаад болохгүй билээ?
Тангай нь зохиолч юм. Сайн зохиолч биш, гэхдээ л дарга цэрэггүй, их сайхан, дураараа амьдраад явах шиг харагддаг. Оюутан байхдаа Галсан л Тангайг уран зохиолын дугуйланд анх дагуулж очсон юм шүү дээ. Тэр үед багш нь Тангайгаас илүү Галсанг тоодог байж билээ. Галсан ч одоогийнхоос тэс өөр, элдвийн этгээд зүйл боддог хархүү явжээ. Түүний хувьд хорвоо дээр байхгүй эмэгтэйн нэрийг тэндээ шивүүлэх санаа өнөөдрийн Галсанд бол яавч төрөхгүй дэг. Тангай "Чи дандаа л хачин хачин юм бодох юм аа" гэж хэлэхдээ нэгэнтээ биширсэн ч юм шиг, атаархсан ч юм шиг харцаар харж байсан сан. Гэтэл өнөөдөр мөнөөх Тангай нь дур зоргоороо амьдардаг зохиолч болчихсон, харин Галсан өөрийгөө хайж хайж эцэст нь ердөө л нэг ажил хэргийн уулзалт руу яарч явдаг. Хоолойд нь эргэлдэх дууны үгс хачин гутруу, гомдолтой, эхэр татах мэт зангирч аялагдана.
Хонин цагаан үүлэн гарна аа...
Хамгийн сүүлд Тангайтай тааралдаад жаахан ууж суунгаа Галсан өвөөд нь бил үү, нагац ахад нь нэг хачин үүл тааралдсан тухай ярьж билээ. Тийм ээ, тийм, энэ дуунд гарч байгаа шиг тэнгэрийн л үүл. Гэнэтхэн нэг бяцхан үүл хаа нэгтээгээс гарч ирээд, өвөөгийнх нь ч бил үү нагацынх нь өмнө хөллөн бууж, эмэгтэй хүний дүрд хувилаад, дараа нь замхраад хөөрчихсөн гэдэг сэн. Тангай учиргүй шимтэн тэмдэглэж авч байсан нь санаанд үзэгдэв. Аягүй бол, аль нэг номондоо түүний яриаг оруулна даа. Яг...
Яг энэ мөчид... Үгүй ер, хүний санаанд мөн ч хачин гэнэтийн юмс цочирхон орж ирэх юм даа. Галсан ном бичихээр шийдлээ. "Өвөөгийнхөө ч юм уу, нагац ахынхаа амьдралаас сэдэвлэж эхний номоо бичье. Тангайг биччихээс нь өмнө..." Тэгээд мөнөөх номоо хэвлэгдээд гарсан байхыг сэтгэлдээ үзэв. Үгүй ээ, энэ чинь юу вэ? Сэтгэлдээ биш, үнэхээр... Үнэхээр л гарт нь жижигхэн хэрнээ чамгүй зузаан, аятайхан дэг шийдэлтэй ном тэмтрэгджээ. Юу вэ?
Галсан зохиолч, зүгээр ч нэг зохиолч биш, овоо ч нэрд гарчихсан зохиолч бололтой. Овог нэр нь бичээтэй байгаа номыг тэр гайхан эргүүлж тойруулж ажиглав. Арван жилийн өмнө тэр нэгэн уулзалтад очилгүй, гэнэт л зохиол бичиж үзэхээр шийдсэндээ, тийм бодол төрүүлсэн Бурханд талархана.
Тэр номыг яаж бичснээ мартчихсан, тэр ч байтугай, дотор нь юун тухай өгүүлдэгийг ч санахгүй атлаа, өөрийнхөө нэр бичээстэй гадар хавтсыг нь тун өөриймсүү илж үзэв. Тэгээд сэтгэл хангалуунаар сөхөж харлаа. Юу гэнэ вэ?! "Хайрт эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулав" гэнэ үү? Эхнэр нь хавдрын эмчилгээ хийлгэж байсан билээ. Тэгээд... Тэгээд чухам юу юу болоод өнгөрснийг огт анзаараагүй гэж үү? Энэ номыг л бичих гээд хавь орчноосоо тасарч, ухаан санаа нь хаа нэгтээгүүр тэнүүчилсэн байж таарах нь үү? Тийм зүйл гэж байдаг юм уу? Байх боломжтой юу? Одоо нөгөө ном түүний хувьд баярлаж бахархаад байх зүйл биш, ердийн л нэгэн утгагүй цаас, гэнэтийн хүнийрхүү зүйл болон хувирав. Хатуугаар хавтаслаж үдсэн, жигдхэн өөлж захалсан, бас ч гэж сэтгэгдэл төрүүлж мэдэхүйц жинтэй, тийм л хэсэг цаас... Эхнэр нь... Галсан их сургуулийн утга зохиолын дугуйланг биш, эхнэртэйгээ анх яаж танилцсанаа дурсав. Дэвэлзсэн хормойтой нимгэхэн бошинзны доороос булчинлаг гуя гүвэлзэн харагдаж, тэр хормойг сөхөсхийсэн салхинд бүдэгхэн сүрчиг сэнгэнээд, зүрх нь зогсчих шиг болж билээ. Бүсгүйн инээд нэвт гэрэлтсэн царайг хараад л "Миний эхнэр мөн байна!" гэж шууд таньсан сан. Тэгж таниагүй сэн бол Галсан тийм зоримог хувцасладаг хүүхэнтэй үг сольж зүрхлэхгүй байлаа. Мөнөөх сайн чанарын цаасаар хэвлэсэн номон дээр нулимс нь унахад, ажил хэргийн хэлэлцээ хийх уулзалт руу яарч явсан тэр өдрөө дурсжээ. Тэр уулзалт эхнэрт нь тус болох байсан юм биш байгаа?
Ар л тайгын зуун уулнаас
Амар тайван мэдээ ирнэ ээ...
Хоолойд нь нулимстай аялагдах дуу түүнийг өнөөдөр рүү буцаан авчрав. Энэ чинь өнөөдрийн дуу байна шүү дээ! Дуун дундуур л би тийшээ, хаа ч байхгүй хоосон мөрөөдөл дотуураа яваад байж. Зүгээр л энэ тэнэг дуунаас болоод... Тэр нэг л хачин догдолж, бүр самуурч гүйцэв. Бүх зүйл зүгээр л төсөөлөгдсөн хэрэг. Үгүй, би хэзээ нэг ухаан суух хүн юм бол оо? Өнөөдөр үсээ хуссан дээрээ тэр тэнэг шивээсийг арилгуулъя, байз.
Гэлээ ч ухаан санаа нь нөгөө номоосоо салах тийм ч дуртай биш байлаа. Галсан төсөөлөл доторхи ном руугаа ахин нэг эргэж харав. Хавтсан дээр нь өөрийнх нь нэр бичээстэй ном шүү дээ.
Тэгээд л орхичихлоо.
Одоо эхнэрээ хорвоод буцааж авчрахын тулд, яагаад ч юм бэ, нөгөө уулзалт руу л очих ёстой байсан юм шиг Галсанд санагдана. Би энэ арван жилийг алгасч чадсан, одоо тэр бүх алдсан цагуудынхаа өмнө буцаад очъё. Тэнд очоод, тэр нэг бодлогогүй хөөрүү шийдвэрээ ахин эргэж харъя.
Галсан уулзалт руугаа буцахаар шийдэв. Яг тэгээд л цардмал зам дээр маш муухай хяхтнах дугуйн чимээ сонсч амжжээ. Тэрээр гартаа ямар нэгэн юм барьсан мэт, элгэн дээрээ нэг л хачнаар, эрхий хуруугаа өргөж бусад дөрвөн хуруугаа нугалсхийжээ.
-Ном уншиж байгаа юм шиг... гэж нэгэн сониуч жаал ээждээ хэлэх дуулдана.
-Энэ жаахан хүүхэд энд юугаа хийж байгаа юм бэ? гэж хүн дайрчихсандаа балмагдсан жолооч бархирав. Хоолой нь цахиртана.
Хад чулуутай-ай
Самгалдай-ай...